Saturday, November 29, 2008

Эртний мань эрчүүд


До. Цэнджав

Эртний мань эрчүүд

Ээрүүлийн чимээнд нозоорч

Шанаагаа тулж

Шагай хаяж гутсан

Эвшээсэн... бөгтийсөн...

Ээрсэн... тэнэсэн

Эрчүүд ч гэж дээ

Эмгэдийн үгнээс дальдарч, халирч

Маргааш нүүхээ л бодсон

Манарсан амьтад явцгаасаан... ГЭТЭЛ

Тулганы гал дальдартал

Туурганы цан унатал

Эвэр бүрээ тас хийхэд

Дөрөөний сур шиг

Эрчлээд ирдэг

Мань эрчүүдийн урдуур

Нарнаас өөр юу ч хөндөлсөөгүй ээ

Өөрийн ч... Өрөөлийн ч ...

Бүсийг тайлуулаагүй

Өд газардах зайгүй

Өргөн мөрөн шиг үелж

Сарын газраас цалгиатай , халгиатай

Салхилаад өнгөрдөг аадар байсан

Арван тавны сар

Шил дээр хоноглоход

Адуу элдэж л явсан

Хэрлэн Орхон Туулыг,

Үсчүүлж холхисон

Үйгдэж явсаан.

Бухаарын алтан хоргойг

Бутартал сийчсэн хэрнээ

Ордны аягач охидын

Хормой хотонд адтаж

Олзны архинаас

Аяга аягаар залгилсан

Эртний эрчүүд минь ...

Сэлэмний сорвигүй нэгийгээ

Адалж шоолдог байтлаа

Ясыг нь болохноо дайснаас

Ян харцага шиг шүүрсэн

Амийг амь гэж боддоггүй

Агсан танхай мань эрчүүд...

Үүдээр гартал хөлөө жийгээд

Эхнэртээ ханьсаг гэж жигтэйхэн

Саарал азарганы унага

Хөх гарахад л хөхөрч л явсан

Сахалтай хөдсөн дээлтэй

Эртний мань эрчүүд..

Жадны оромтой хад чулуу

Жаргалтайн дэлгэр дуугаа

Наранд орхиод дугжирцгаасан

Хөлстэй тохомоо дэрлээд

Унтаж байсан... уйлж явсан...

Хөх Монголын ханын шийр одоо

Хүрз зээтүү хангинасан

Хүнийх болсоныг мэдэхгүй

Дугжицгааж байна

Өвгөн бүргэд

Үүрэглэж гуньдаг

Өнчин харгуйд

Чулуу болж үлдсэн

Тэдний дээр

Тэнгэр л мэлтийн

Холтороод.... Хэлтэрээд

Хайрга болж үйрсэн

Хөлөөр нэг шаргих

Эртний мань эрчүүд



No comments:

Post a Comment