Saturday, November 29, 2008

Ээжийн тухай дуулал


До. Цэнджав

Ээжийн тухай дуулал

Аяа, ээжүүд гэдэг чинь

Алчуурандаа гандсан бурхад юмаа

Аавын хатуу үгийг дарстай нь хамт

Аршан болгоод хүүдээ амсуулдагаа

Аянга цахилгаан тээр цаана гялбахад

Аягандаа унагасан юм шиг сандаргаа

Зуух руу мөлхөж яваа ачаа хараад

Зуугаар зуугаар бүлээрхдэгээ

Галын захаас дээшээ гарч үзээгүй ээ

Гадаа гарч, гандталаа хүлээсэн ижий минь

Хөтөл даваад хүүгээ ирэх байх гэж

Хөрсөн цайгаа мартдагаа ижий минь

Уул шиг эр болсон юм чинь дээ хүү минь

Уймраа надаар одоо юугаа хийнэ

Амьтан хүнээс ч ичдэг биз дээ хөөрхий

Арагаа үүрээд явах минь л болоо гэх

Өөжин дүүжин нүүдлийн сүүдэрт

Өдий болтолоо дагжсан ээж минь ээ

Дэвэрсэн их цэнгээний чинь дунд

Дээлтэйгээ хатсан ижий чинь алга байгаа даа

Ижийгээсээ өөр багтахгүй тэр л газар чинь

Эрвээхэйнүүд олноор нисэлдэж байгаа даа

Гэвч дүү минь ээ

Гэрээ өргөчих шахаад л байна уу

Адис авмаар ижийтэйгээ мэдэхгүй

Анзаараагүй дэн дунхан л явна уу

Алт зуусан хулганы тэнгэрээс

Аяар, аяархан буулгаарай

Аргтай шар үнэг

Айлын гадуур өнгөрөөрэй

Ээжүүд гэдэг чинь үг унагахгүй мөртлөө

Энгэр дүүрэн зовлон юм шүү дээ

Олдохгүй юм энэ хорвоод үгүй ээ

Орь буурал ээж чинь л харин олдохгүй

Жаргалаа өвөр дээрээ асгасан

Жаахан буурайгаа баярлуулахгүй ч бүү гомдоо

Өдийнхөндөө, жаахан юманд баярлана

Өөрөө чи овоохон явахад л болно

Золгоод очиход үнсэх ээжтэй байхад

Зовлон гэдэг чинь үүрлэдэггүй юм аа

Ижий минь, ээж минь

Элж нурсан намхан уул минь ....

No comments:

Post a Comment