Sunday, November 30, 2008

Чоно


Догшин хөх тэнгэрийг
Сэрвээн дээрээ шилгээж
Долоон голын жаврыг
Жарттай дотроо гүйлгэдэг
Хээрийн хар салхитай
Хөлөө хурцалж үзэлдэг
Ширхэг цагаан хялганаар ч
Шилгээж байгаад хооллочихдог
Хаад, хаадын хүлгээс
Хар чөдөр болтлоо сунайсан
Дайснаас түрүү сумны зэвийг
Дайр бие дээрээ шалгасан
Тал сарыг хараад
Өөрийгөө гэж улидаг
Тасарч харвасан оддыг
Хэлэн дээрээ тосдог
Улихад нь
Уулс хүртэл жихүүцдэг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Ганц дальдирдаг юм нь
Гал...
Сайндаа ч биш
Салхинд ирлэгддэг болохоос
Дулаанд
Дугжрах дургүй заяа нь тэр
Өрөвдөхийг мэдэхгүй ч
Үүрэндээ улай үзээгүй
Анир чимээгүй суйлж сураагүй
Асуух мэт архирдаг
Харь нутгийн чулууг
Шинжиж байгаад мэдчихдэг
Халуун эх нутгийнхаа
Хавханд нь орж баригддаг
Эцсийн нулимсаа
Элгэн чулуундаа шингээдэг
Эрийн хийморийг өдөж асачихаад
Эмээл дээр нь сугсарагддаг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно

1 comment:

  1. ямар гоё шүлэг вэ? үүнийг уншиж байгаагүй юм байна. багшаа тач үнэхээр лут хэллэгтэй бичхиймаа.

    ReplyDelete